Нүүр

"Жамп" компанийн олборлолтыг зогсоож, Ц.Мянганбаяр "хоосорчээ"

Print PDF

Sample image ОХУ-ын иргэн С.В.Паушокийн талаарх дуулиан хөвөрсөөр л байна. Түүний удирддаг "Алтан Дорнод Монгол" компани нуун дарагдуулсан татварын хэмжээгээрээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байна. Үндэсний татварын газар энэ сарын байдлаар татвар төлөгч нийт аж ахуйн нэгжүүдээс 31.4 тэрбум төгрөгийн татвар гаргуулахаар байгаа юм.

Нийт өрийн 90 гаруй хувь нь үнийн өсөлтийн албан татвар буюу алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс гаргуулах төлбөр байгаа гэнэ. Эдгээр компанийн тэргүүн эгнээнд 10.9 тэрбум төгрөгийн өртэй "Алтан Дорнод Монгол" компани явж байна. Тус компаниас төлбөр гаргуулахаар УТОХГ, НТГ, Булган аймаг болон ХУД-ийн татварын хэлтсийн нийт долоон шүүхийн шийдвэр нэгтгэгдэн өр барагдуулах ажиллагаа хийгдэж байгаа ажээ. "Алтан Дорнод Монгол" компанитай холбоотой шүүхийн шийдвэртэй энэ мэт өрөөс гадна тайлангаар болон хяналт шалгалтаар үүссэн 140 тэрбум төгрөгийн татварын өрийн асуудал шүүхээр хянагдаж байна.

Тус компанийн удирдлагад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын дарга Б.Бат-Оршихын энэ оны тавдугаар сарын 17-ны 88 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, УМБГ-аас тавьсан тус компанийн эд хөрөнгийн битүүмжлэлийг хүчингүй болгоод байгаа билээ. Гэтэл "Зоос" банк, Татварын ерөнхий газрын нэхэмжлэлээр "Алтан Дорнод Монгол" компанийг дампууруулах эсэх асуудлаар Баянгол дүүрэгт дампуурлын хэрэг үүсгэн хянагдаж байна. Шүүхээр асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа ч Баянгол дүүргийн шүүхээс "Алтан Дорнод Монгол" компанийн хөрөнгийг дахин битүүмжлэх шүүгчийн захирамж гарсан бөгөөд энэ компанитай холбоотой бүх өөрийн асуудал удахгүй хуралдах шүүхийн шийдвэрийн дагуу шийдэгдэх ажээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор удтал хүлээгдсэн арбитрын шүүхийн шийдвэр ирсний дараа тус компанийн Тэргүүн дэд захирлаар томилогдсон н.Бямбаа "Алтан Дорнод Монгол" компанид өрөө төлөх хугацаа гаргаж, харилцан тохиролцох хүсэлтийг Үндэсний татварын газарт хандан гаргаад байгаа юм. Тэрбээр бага дүнтэйгээс нь эхлэн өрийг төлж, эхэлсэн боловч хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл Үндэсний татварын газарт тавьжээ. Тэднийг цаашид найдвартай өрөө төлөх баталгаа байхгүй хэмээн Үндэсний татварын газар үзсэн тул Монголын тал яаралтай "Алтан Дорнод Монгол" компанийн дампуурлыг зарлуулах шаардлагатай байгаа ажээ.

Монголын алтын магнат Ц.Мянганбаярын "Монгол газар" компанийн охин компани гэдгээр нь олон нийт мэдэх "Олон овоот" компанийг хэл ам, шуугиантайгаар "Жаст" компани худалдан авсан. Дааж давшгүй их өртэй энэ компанийг өрийнх нь хамт худалдан авсан "Жаст" компанийн захирал Ш.Батхүү "Олон овоот"-ын татварын өрийг Үндэсний татварын газартай гэрээ байгуулан хуваарийн дагуу төлж барагдуулна хэмээн олон нийтэд зарлаж байсан. Гэтэл тэрбээр хэлсэн амандаа хүрч чадаагүй бололтой. Үндэсний татварын газарт хамгийн их өртэй компанийн үзүүлэлтэд эднийх удаалжээ. Энэ сарын байдлаар тус компани Үндэсний татварын газарт 11.9 тэрбум төгрөгийн өртэй байна.

Тус компанийн өр төлбөр 2009 оны арванхоёрдугаар сараас тухайн татвар төлөгчийн хүсэлтээр болон Ерөнхий гүйцэтгэгчийн чиглэл өгсөний дагуу графикаар төлөгдөж байсан ч энэ оны хоёроос дөрөвдүгээр cap хүртэлх хугацаанд график зөрчигдөж, төлөлтийн хэмжээгээ бууруулж, сард 150 мянган төгрөг төлж байгаа аж. Тус компанийн үйл ажиллагаа хүдэр болон алт олборлох шугамаар өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байгаа. Мөн гэнэтийн ашгийн 68 хувийн албан татвар энэ оны нэгдүгээр сараас цуцлагдаж алтны компаниудад хамаарах дарамт байхгүй болсон байхад төлөх хэмжээгээ бууруулж байгаа нь УИХ-ын сонгууль дөхөж, тус компани нам, нэр дэвшигчдийг санхүүжүүлэх ажилд анхаарах болсных хэмээн учир мэдэх хүмүүс ярилцах юм билээ.

Ийм байдлаар "Жаст"-ынхан луу унжиж байгаа тул Үндэсний татварын газраас графикаар төлөгдөж байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлж cap бүр 500 сая төгрөг төлүүлэх хүсэлтийг ШШГЕГ-т удаа дараа тавьж, "Жаст"-ынхан биелүүлээгүй тохиолдолд албадлагын арга хэмжээ авч ажиллахыг хүссэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй байна. Аргаа барахдаа Үндэсний татварын газрын байцаагчид тус компанийг энэ оны тавдугаар сарын 23-нд сорьцын албанд алтаа сорьцуулах гэж байгаа гэсэн мэдээлэл авсныхаа дагуу тухайн өдөр отолт хийсэн боловч мөн л үр дүнд хүрч чадаагүй ажээ. Тэгсэн атлаа тус компанийнхан энэ өдөр хоёр тэрбум төгрөгийн алт банкинд тушааснаас банк АМНАТ-ын 10 хувь суутгаж татварт шилжүүлсэн байна.

Алт олборлон хөрөнгөжсөн компаниудаас чимээгүй баян гэх ангилалд багтах "Жамп" компанийнхан Үндэсний татварын газарт 3.5 тэрбум төгрөгийн өртэй байгаа ажээ. Тус компанийн захирал П.Цэрэндаваа нь "Жамп-Алт", "Петро жамп", "Жэй эм эс си" ХХК зэрэг охин компаниудаар алт олборлон ашиг олдог билээ. Гэтэл Монголын нөлөө бүхий "Жамп" ХХК-ийнхан толгой компаниа төлбөрийн чадваргүй болгожээ. Олон жил уул уурхайн салбарт ажиллаж байгаа томоохон компани гэнэт төлбөрийн чадваргүй болсон нь татварынхны анхаарлыг татсан тул шалгалт явуулахад "Жамп" компаниас ашиглалтын гурван лицензээ "Жамп-Алт" ХХК руугаа шилжүүлсэн байсныг цаг алдалгүй илрүүлжээ.

Мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсний үр дүнд татварынхан "Жамп" компанийн хууль бусаар лицензээ охин компанидаа шилжүүлсэн шийдвэрийг ийн хүчингүй болгуулсан байна. Тиймээс Үндэсний татварын газраас "Жамп" компанийн нэр дээр бүртгэлтэй орд газраас "Жамп-Алт" ХХК алт олборлож байгааг болон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж байгаа асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна. Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэхээр Үндэсний татварын газарт шилжүүлээд байна.

Дуулиан шуугиан болгонд нэр холбогдож байдаг "Монгол газар" компани энэ жагсаалтад багтаж байна. Тус компани Үндэсний татварын газарт гурван тэрбум төгрөгийн өртэй ажээ. Гэвч хамгийн хачирхалтай нь өнөөдрийн байдлаар энэ компанийн нэр дээр лиценз болон ул хөдлөх ямар ч хөрөнгө бүртгэлгүй байгаа юм байна. Монголын тэргүүн баячуудын нэг болох Ц.Мянганбаярын компанид оффисийн ширээ, сандал, компьютер, принтерээс өөр битүүмжлэх хөрөнгө байхгүй байгаа тул бодит ажиллагаа явуулах боломж татварынханд байхгүй байгаа юм байна.

"Эх үүсгэл" компанийн байранд түрээсээр байрладаг энэ компанийг татварын өрөө барагдуулахыг шаардахаар "Одоогоор хайгуулын ажиллагаа хийж байгаа гэсэн тайлбар тавьдаг" гэнэ. Шүүхийн шийдвэр гарснаас хойш тус компанийнхан 30 сая төгрөгийн татвар л төлсөн хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Үндэсний татварын газарт шүүхийн шийдвэрээр 192 татвар төлөгчөөс нийт 31.4 тэрбум төгрөгийн өр барагдуулах ёстой. Гэтэл үүний 2.1 тэрбумыг 188 татвар төлөгч, үлдсэн 29.3 тэрбум төгрөгийг эдгээр дөрвөн компани төлөх ёстой ажээ.

С.Энхзаяа

 

Сурталчилгаа

Арматур зарна Утас 70104863

  • Хаанбанк

  • Голомтбанк

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр18
mod_vvisit_counterӨчигдөр96
mod_vvisit_counter7 хоног18
mod_vvisit_counterЭнэ сар2485
mod_vvisit_counterНийт740555